“Цойлогсод” номын тэмдэглэл
Цойлохуйн нууц нь юундаа байдаг вэ???
Урт удаан хугацаанд үргэлжилж байгаа хөл хорионы өдрүүдээр юу эсийг хийхэв. Миний хувьд номын тавиур дээрх уншиж эхлээгүй, гүйцээж уншаагүй үлдээсэн болон хэд уншсан ч уйддаггүй номнуудтайгаа ээлж дараалан найзлаж байна.
Та нар Еврейчүүдийн асар өндөр оюуны чадамжийн талаар бишгүй л сонсож байсан биздээ? Еврейчүүдийн амжилтын нууц, хүүхдээ хэрхэн Еврейчүүд шиг өсгөх вэ? гэх мэт ойролцоо нэртэй номнууд номын дэлгүүрт хэд хэдээрээ өрөөстэй байдаг даа. Миний хувьд өмнө энэ сэдвээр нэг их сонирхож судлаж байгаагүй боловч ямар ч байсан тэр үндэстэн “энгийн бус” гэдгийг зөндөө сонсож байсан. Хамгийн сүүлд хэзээ хувь хүний хөгжлийн сэдэвтэй номыг ингэж шунан дурлан уншлаа? Номын тэмдэглэл бичдэггүй над шиг залхуу уншигч хүртэл энэ номын талаар тэмдэглэхгүй байж чадсангүй ээ. Орчуулгын ном гэж бодож байсан би гараасаа салгалгүй шимтэн уншиж дууссаныхаа дараа л “Монгол” зохиогчтой гэж мэдсэн. Сонирхолтой сайхан бүтээл туурвисан зохиогч Д.Бүжинлхамд талархая.
За тэгэхээр гол зүйлдээ орцгооё.
Альберт Эйнштэйн, Зигмунд Фрейд, Марк Цукерберг, Шерил Сандберг, Натали Портман…… Еврейчүүд дэлхийн нийт тэрбумтнуудын 25%, Нобелийн шагналтнуудын 22%, …. гээд л цааш тасралтгүй үргэлжилдэг тоон мэдээллүүд танил сонсогдож байна уу? хэхэ. Үүнээс үзэхэд Еврейчүүд яахын аргагүй онцгой. Тэгвэл Еврейчүүдийн “амжилт, сэтгэл зүй, зуршил, хүмүүжлийн гайхамшигт нууц” юу вэ?
Нэгдүгээрт, тэд амжилтыг гэнэт бий болдог аз завшаан эсвэл ялалт биш, аажим аажмаар хуримтлагдах ёстой зүйл гэдгийг оюун санаандаа хүлээн зөвшөөрсөн явдал юм байна. Еврейчүүдэд зорилгынхоо төлөө бага багаар, ямх ямхаар ч хамаагүй заавал нэг эерэг үйлдэл хийх ёстой гэсэн үзэл баримтлал суусан байдаг байна.
Тууштай байдал= Шаргуу хөдөлмөр+ Сахилга бат
Миний хувьд өдий өндөр насалтлаа өөртөө тоо томшгүй л зорилго тавьж байсан. Гэхдээ тэр бүхнээс хэд нь биелсэн бол? Маргааш эхэлнэ, ирэх долоо хоногоос, шинэ он гарахаар эхэлнэ гэх мэтээр хойшлуулсаар байдаг, эсвэл эхлээд хэдхэн хоногийн дараа шантраад ч юм уу залхуураад хаячихдаг. Надад дутагдсан тэр зүйл нь “Сахилга бат” байсан байна лээ. Шаргуу хөдөлмөр чамайг нэг алхам урагшлуулах боловч сахилга батгүй байдал чамайг 2 алхам ухраана гэсэн мөр хичнээн таалагдав аа. Өөртөө таалагдсанаа хийх үү, өөртөө хэрэгтэйг хийх үү? гэсэн сонголттой бид өдөр болгон тулгардаг. Энэ тохиолдолд Еврейчүүд урт хугацаанд өөрт нь ашиг авчрах сонголтыг хийдэг ажээ. За тэгээд энэ гайхалтай сонголтоо “дадал зуршил”-тай холбохоор бусдаас илүү нэгэн болж хувирдаг.
Хоёрдугаарт, Еврей ээжүүд. Эцгийн эрхт ёс давамгайлсан, одоо ч ихэнх хэсэгт нь давамгайлсан хэвээрээ байгаа ертөнцөд Еврейн шашин болох Иудайзм Еврей хүн болох 2 арга бий гэж тэмдэглэжээ.
- Эцэг эх нь Еврей
- Эх нь Еврей. Буруу хараагүй ээ. Ээжүүдийн хүч чадлыг тэд хүлээн зөвшөөрдөг. Хүчирхэг Еврей ээжүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барил нь тэднийг “Гайхалтай, гоц” хүн болгон хүмүүжихэд тусалдаг байна. Өөрсдөө уншаасай гэж бодож байгаа болохоор гоё гоё жишээнүүдээс дурдахаа болилоо. Еврей ээжүүд хүүхдээ хатуу ширүүн өрсөлдөөнтэй ертөнцөд гудайхгүй сэтгэл зүйн хувьд хүчирхэг,биеэ даасан, сониуч, боловсролтой иргэн болоход тусалдаг бөгөөд хүүхэдтэйгээ найз шиг харьцдаг байна. Еврей ээжтэй гэр бүлийн орчинд тоос тортог гэдэг ойлголт байдаггүй, хамгийн амттай биш ч хамгийн эрүүл хоолтой байдаг гэнэ. Бас л урт хугацаанд эрүүл мэндэд нь хамгийн эерэг нөлөөтэй орчин. Би ийм ээж баймаар байна!
Гуравдугаарт, бэрхшээлийг болох л ёстой зүйл гэж үздэг сэтгэл зүйн онцлог. Бид бэрхшээлтэй тулгарахаараа цочирдож, шаналж хүлээн авдаг бол тэд угаасаа байсан, байгаа, байх л ёстой зүйл учраас хэрхэн гарах вэ? гэдэг шийдлийг хайж, тайвнаар хүлээн авдаг. Боломжгүй гэдэг ойлголт байхгүй. Бэрхшээлийг боломжит бүх аргаар сөрөх ёстой учир толгойгоо тултал нь ашигладаг. Газар нутаггүйгээр 2 мянган жилийг туулсан ард түмэн газарзүйн онцлогын хувьд бүхэл бүтэн улс удаан оршин тогтнох боломжгүй орчныг шал эсрэгээр нь өөрчилж чадсан нь үүний тод жишээ болно. Цөл газарт газар тариалан эрхэлж экспорт хийдэг, зэвсгийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, Start-Up-уудын хувьд Silicon Valley-гийн дараа ордог бүс гэх мэт. Энэ бүлгийг уншаад өөрийн эрхгүй “Израйль” улсын талаар Google-дсэн бөлгөө. Сонирхолтой шүү, уншаарай.
Дөрөвдүгээрт, шашин. Энэ хэсгийг уншаад би бас Иудайзмыг судламаар санагдсанаа нуухгүй ээ. Хэхэ. Би ер нь шашныг хүн төрөлхтнийг ямар нэг хэм хэмжээ, заагтай байлгахын тулд бий болгосон зүйл, хөгжиж байх явцын дундаа хүмүүсийн оролцоотой янз бүрийн нөлөө ороод хэт туйлширсан зүйл л гэж боддог, шүтлэггүй төрлийн хүн. Гэхдээ энэ хэсгийг уншаад Иудайзмыг хүндэлмээр санагдсан. Боловсрол, шинэ санал санаачлага, мөнгөнд хандах хандлага нь шүтмээр. Бас Еврей хүн Еврей хүндээ тусалж, Еврей ертөнцийг бий болгож байгаа тухай. Нөгөө манайхны “жалга довны үзэл” чинь аймар хэрэгтэй эд байна лээ шдээ. Бид нар л буруу ашиглаад байдаг болохоос.
Бид физиологийн хувьд Еврей хүн байх боломжгүй ч, оюун санааны хувьд Еврей хүн байх боломжтой. Өлөн бай гэдэг шиг Еврей хандлагатай байцгаая. Цойлцгооё.